Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ӨМЧ, ЭД ХӨРӨНГӨ, САНХҮҮЖИЛТ

16.1.Олон нийтийн радио, телевизийн өмч нь олон нийтийн өмч мөн. Олон нийтийн радио, телевизид үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах төрийн өмчийг олон нийтийн радио, телевизийн өмчлөлд шилжүүлэх харилцааг бие даасан хуулиар зохицуулна.

16.2.Олон нийтийн радио, телевиз эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахдаа энэ хуулийн 3.2-т заасан зорилгыг хэрэгжүүлэхэд чиглүүлнэ.

17.1.Олон нийтийн радио, телевизийн санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

17.1.1.радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс;

17.1.2.зар сурталчилгаанаас олсон орлого;

/Энэ заалтад Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн аваагүй/

17.1.3.тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгөө түрээслүүлсний орлого;

17.1.4.Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнээс өгсөн хандив, тусламж;

17.1.5.улсын төсвийн дэмжлэг;

17.1.6.хууль тогтоомжид заасан бусад эх үүсвэр.

18.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг нийтийн антенн, өөрийн сансрын хүлээн авах, нэвтрүүлэх станц, кабелийн телевизийн шугамтай эсэхээс үл хамааран айл өрхөд болон байгууллага, аж ахуйн нэгжид радио-хүлээн авагч, телевизор тус бүрээр тооцон ногдуулна.

18.2.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсний хэмжээг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

18.3.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгийн үйлчилгээний хөлсийг улсын хэмжээнд хурааж төвлөрүүлэх үүрэг бүхий нэгжийг байгуулж болох бөгөөд түүний үйл ажиллагаа, санхүүжилтийн журмыг олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл тогтооно.

18.4.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгийн үйлчилгээний хөлс төлөөгүй этгээдээс холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй.

18.5.Энэ хуулийн 18.1-д заасан үйлчилгээний хөлснөөс бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий иргэнтэй өрх чөлөөлөгдөнө.

/Энэ хэсгийг 2008 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/

19.1.Олон нийтийн радио, телевизийн санхүүгийн тайланг шалгуулж баталгаажуулах, санхүү, эдийн засгийн үйл ажиллагаанд бүрэн болон хэсэгчилсэн хөндлөнгийн шалгалт хийх зорилгоор гэрээний үндсэн дээр аудит хийлгэнэ.

19.2.Аудиторыг Yндэсний зөвлөл сонгож, түүнтэй гэрээ байгуулна.