МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗИЙН ЗАХИРАЛ М.ЭРДЭНЭБАТ
Магван овогтой Эрдэнэбат нь 1995 онд Дорно дахины утга зохиолын дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж улмаар МУБИС-д Сэтгүүл зүйн магистрын зэрэг хамгаалсан. 1995 онд тухайн үеийн МРТХЭГ-ын Монголын Радиогийн “Шинэ эрин” радио станцад сурвалжлагчаар орж ажлын гараагаа эхэлсэн.
1996 онд Мэдээллийн “ММ” агентлагт сурвалжлагчаар шилжин ажиллаж өнөөдрийг хүртэл тогтвор суурьшилтай ажиллаж байна. Энэ хугацаанд телевизийн сурвалжлагч, редактор, албаны дарга, нэвтрүүлгийн зөвлөлийн гишүүн, Утга зохиолын нарийн бичгийн дарга, программын дарга, Телевизийн захирлын үүрэг гүйцэтгэгч зэрэг ажлуудыг хийсэн байна.
Телевиз радиогийн мэдээ, нэвтрүүлэг, сурвалжлаг хийхээс гадна уран сайхны олон арван нэвтрүүлэг бэлтгэж телевизийн олон ангит кино, уран сайхны кино, жүжиг бичиж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байжээ.
2022 онд түүний Утга зохиол урлаг соёл, Радио телевизийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагджээ.