11 дүгээр зүйл.Олон нийтийн радио, телевизэд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх
11.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн техникийн болон мэргэжлийн чанартай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал ажлын 15 хоногийн дотор хянан шийдвэрлэж, бичгээр хариу өгнө.
11.2.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг олон нийтийн радио, телевизийн Өргөдлийг шалгах хороо хянан шийдвэрлэж, бичгээр хариу өгнө.
11.3.Олон нийтийн радио, телевизэд иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын тухай хуулийг удирдлага болгон олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл батална.
12 дугаар зүйл.Нэвтрүүлэгт залруулга, тайлбар хийх
12.1.Олон нийтийн радио, телевизээр худал, ташаа мэдээлэл хийгдсэн нь нотлох баримт, материалаар тогтоогдвол олон нийтийн радио, телевиз залруулга хийх үүрэгтэй.
12.2.Гомдол гаргагч шаардсан бол залруулга, тайлбарыг тухайн нэвтрүүлгийн дараагийн дугаараар, эсхүл нэн даруй ижил төрлийн нэвтрүүлгээр уг худал, ташаа мэдээллийн үргэлжилсэн цагаас илүүгүй хугацаагаар, үнэ төлбөргүй нийтэд хүргэнэ. Сэтгүүлчийн тайлбар нь мэдээ, мэдээллээс тодорхой ялгагдахуйц байна.
12.3.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгын талаар нэвтрүүлгийг анх дамжуулснаас хойш нэг сарын дотор өргөдөл, гомдол гаргаж болох ба уг асуудлыг эцэслэн шийдвэрлэж дуустал тухайн нэвтрүүлгийн бичлэгийг хадгална.