Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ОЛОН НИЙТИЙН РАДИО, ТЕЛЕВИЗИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

20.1.Олон нийтийн радио, телевизийн удирдах дээд байгууллага нь олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл /цаашид “Үндэсний зөвлөл” гэнэ/ байна.

21.1.Үндэсний зөвлөл нь олон нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх орон тооны бус байгууллага бөгөөд 15 гишүүнтэй байна.

21.2.Үндэсний зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа 6 жил байна.

21.3.Үндэсний зөвлөлийн гишүүнд дараахь этгээдийг нэр дэвшүүлэхгүй:

21.3.1.төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч;

21.3.2.улс төрийн намын удирдах албан тушаалтан;

21.3.3.бусад радио, телевизэд ажиллаж байгаа, түүнчлэн ажилладаггүй боловч хөтөлбөрийн бодлогыг тодорхойлоход нь оролцдог этгээд;

21.3.4.бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийсэн этгээд, эсхүл олон нийтийн радио, телевизийн санхүүгийн хараат бус байдалд нөлөөлж болох этгээд.

21.4.Үндэсний зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийн төлөөллөөс санал болгосон Монгол Улсын иргэнийг томилно.

21.5.Энэ хуулийн 21.3, 21.4-т заасан шалгуурыг удирдлага болгон дор дурдсан байгууллага, албан тушаалтан Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлнэ:

21.5.1.Монгол Улсын Ерөнхийлөгч 4 хүн;

21.5.2.Монгол Улсын Их Хурал 7 хүн;

21.5.3.Монгол Улсын Засгийн газар 4 хүн.

21.6.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар түүх уламжлал, ёс заншил, соёл урлаг, утга зохиол, шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид; эрх зүй, гадаад харилцаа, сэтгүүл зүй, эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир, спорт, байгаль орчин, хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Улсын Их Хуралд; эдийн засаг, бизнес, техник технологи, удирдлага менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд тухайн чиглэлээр мэргэшсэн хүний нэрийг Засгийн газарт тус тус санал болгоно.

21.7.Энэ хуулийн 21.5-д заасан байгууллага, албан тушаалтан төрийн бус байгууллагуудын саналаас сонголт хийн Yндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

21.8.Энэ хуулийн 21.7-д заасны дагуу нэр дэвшсэн хүмүүсийг Улсын Их Хурал хэлэлцэж Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилно.

21.9.Нэр дэвшсэн хүнийг Улсын Их Хурал Yндэсний зөвлөлийн гишүүнээр томилоогүй бол нэр дэвшүүлсэн байгууллага, албан тушаалтан өөр хүний нэр дэвшүүлнэ.

21.10.Үндэсний зөвлөлийн гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшсэн тохиолдолд түүнийг Yндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлнө.

/Дээрх 21 дүгээр зүйлд Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

22.1.Үндэсний зөвлөлийн анхны хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ:

22.1.1. /Энэ заалтыг 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хассан/

22.1.2.Үндэсний зөвлөлийн даргыг сонгох;

22.1.3.Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах.

22.2.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, түүний залгамж чанарыг хадгалах зорилгоор анхны гишүүдийн долоог нь 3 жилээр, наймыг нь 6 жилээр сонгож, цаашид энэ хуулийн 21.2-т заасан хугацааг баримтална.

/Энэ хэсэгт 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

22.3.Yндэсний зөвлөлийн анхны гишүүдийн энэ хуулийн 22.2-т заасан хугацааг сугалаагаар шийдвэрлэнэ.

23.1.Үндэсний зөвлөлийн даргад сонгох хүнийг Үндэсний зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн нууц санал хураалтаар Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар сонгоно.

23.2.Үндэсний зөвлөлийн даргад гурав буюу түүнээс дээш хүний нэр дэвшиж анхны санал хураалтаар хэн нь ч Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналыг аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулж, Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн санал авсан гишүүнийг Үндэсний зөвлөлийн даргаар сонгогдсонд тооцно.

23.3.Үндэсний зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа 3 жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.

23.4.Үндэсний зөвлөлийн дарга нас барсан, түүнийг энэ хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу эгүүлэн татсан бол гишүүдийн хамгийн ахмад нь шинэ даргыг сонгох хүртэл үүргийг нь гүйцэтгэнэ. Үндэсний зөвлөлийн даргын түр эзгүйд түүний санал болгосон гишүүн, хэрэв санал болгоогүй бол гишүүдийн хамгийн ахмад нь орлоно.

23.5.Үндэсний зөвлөлийн дарга Yндэсний зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, түүний шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавина.

24.1.Yндэсний зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

24.1.1.Олон нийтийн радио, телевизийн дүрэм болон тэнд ажиллагсдын ёс зүйн дүрэм батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;

24.1.2.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны үндсэн зорилт, стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, Монгол Улсын төсөвт тусгуулах;

24.1.3.олон нийтийн радио, телевизийн техник, технологийн сүлжээг хөгжүүлэх, техникийн хангамжийн бодлогыг тодорхойлох;

24.1.4.олон нийтийн радио, телевизийн Хяналтын зөвлөл, Өргөдлийг шалгах хороог байгуулах, тэдгээрийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах;

24.1.5.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөр энэ хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;

24.1.6.олон нийтийн радио, телевизийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоох;

24.1.7.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд нэр дэвшүүлэх, томилох журмыг батлах;

24.1.8.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлыг энэ хуульд заасан журмын дагуу томилох, чөлөөлөх, түүнтэй гэрээ байгуулах;

24.1.9.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэж батлах;

24.1.10.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргыг сонгон шалгаруулах журмыг батлах;

24.1.11.энэ хууль болон Олон нийтийн радио, телевизийн дүрэмд заасан бусад бүрэн эрх.

24.2.Үндэсний зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Нарийн бичгийн дарга нь орон тооны байна.

25.1.Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний зөвлөлийн хуралдаан байна.

25.2.Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг улиралд нэгээс доошгүй удаа хийнэ. 

25.3.Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг Үндэсний зөвлөлийн даргын, эсхүл гишүүдийн гуравны нэгээс доошгүйн санаачилгаар хийнэ.

25.4.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлож байгаа гишүүн даргална.

25.5.Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно.

25.6.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

25.7.Үндэсний зөвлөлийн хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтлөх бөгөөд тэмдэглэлийг Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж гарын үсэг зурна.

25.8.Үндэсний зөвлөл шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурна. 

25.9.Үндэсний зөвлөлийн хуралдааны явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлнэ.

26.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө дараахь үндэслэлээр эгүүлэн татна:

26.1.1.эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлийг Yндэсний зөвлөлийн дарга, гишүүн гаргасан;

26.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;

26.1.3.энэ хуулийн 21.3-т заасныг зөрчсөн нь сонгогдсоных нь дараа илэрсэн;

26.1.4.энэ хуулийн 21.3-т заасан ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон;

26.1.5.Yндэсний зөвлөлийн хуралдаанд 6 сараас дээш хугацаагаар биечлэн оролцоогүй.

26.2.Энэ хуулийн 26.1-д заасан эгүүлэн татах үндэслэл бий болсон бол Хяналтын зөвлөл зөвлөмж гарган, уг гишүүнийг сонгосон байгууллагад мэдэгдэнэ.

26.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай Хяналтын зөвлөлийн зөвлөмж гарсны дараа тухайн гишүүн Үндэсний зөвлөлийн хуралдаанд оролцохгүй.

26.4.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг түүнийг сонгосон байгууллага гаргана.

27.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг энэ хуулийн 26.1-д зааснаас бусад үндэслэлээр бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө эгүүлэн татахгүй.

27.2.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнд Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн үндсэн ажлынх нь цалин, түүнтэй адилтгах бусад орлогын дунджийн 40 хувиас хэтрэхгүй хэмжээний урамшуулал олгох бөгөөд урамшууллын хэмжээ, олгох журмыг Yндэсний зөвлөл батална.

27.3.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн энэ хуульд заасан үүрэгт ажлаа гүйцэтгэхэд түүний ажиллаж байгаа үндсэн байгууллага дэмжлэг, тусламж үзүүлэх үүрэгтэй.

28.1.Олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар гарсан Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилт, олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежментэд хяналт тавих чиг үүрэг бүхий Хяналтын зөвлөл ажиллана.

28.2.Хяналтын зөвлөлийн дарга, гишүүдийг Үндэсний зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр сонгох бөгөөд Хяналтын зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

28.3.Хяналтын зөвлөлийг ажиллах нөхцөлөөр хангах үүргийг олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал хүлээнэ.

29.1.Хяналтын зөвлөл дараахь эрх, үүрэгтэй:

29.1.1.Үндэсний зөвлөлийн дарга, гишүүнийг эгүүлэн татах тухай зөвлөмж гаргах;

29.1.2.хөтөлбөрийн бодлогоос бусад асуудлаар олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралд зөвлөх;

29.1.3.олон нийтийн радио, телевизийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа, менежмент, төсвийн төсөл, санхүүгийн жилийн тайланд дүгнэлт хийж, Yндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

29.1.4.хөрөнгө оруулалт, төсөв, хүний нөөцийн бодлогод нөлөөлөхүйц санхүүгийн гэрээ, хэлэлцээрийг бусад аж ахуйн нэгж, байгууллага, иргэнтэй байгуулах асуудлаар санал боловсруулж, Yндэсний зөвлөлд танилцуулах;

29.1.5.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянан шалгах, баримтын шалгалт хийх, дүнг Үндэсний зөвлөлд оруулж хэлэлцүүлэх.

30.1.Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлгийн агуулгатай холбогдуулан Үндэсний зөвлөлд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх, олон нийтийн санаа бодлыг судлах чиг үүрэг бүхий Өргөдлийг шалгах хороог Үндэсний зөвлөл байгуулан ажиллуулна.

30.2.Өргөдлийг шалгах хороо нь Үндэсний зөвлөлийн гишүүд болон хүний эрх, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдэнэ.

30.3.Өргөдлийг шалгах хорооны бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.

31.1.Олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал /цаашид “Ерөнхий захирал” гэнэ/-ыг Үндэсний зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар, нууц санал хураалтаар 3 жилийн хугацаагаар томилно.

31.2.Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах замаар томилж болно.

31.3.Ерөнхий захирлаар дээд боловсролтой, ял шийтгэлгүй, улс төрийн намын гишүүн бус хүнийг томилно. 

31.4.Ерөнхий захирал Үндэсний зөвлөлийн гишүүн байж болохгүй.

31.5.Ерөнхий захирал бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажиллаж болохгүй.

31.6.Ерөнхий захирал дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.6.1.олон нийтийн радио, телевизийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;

31.6.2.энэ хуулиар тодорхойлсон хөтөлбөрийн бодлогын хүрээнд нэвтрүүлгийн хөтөлбөрийг тогтоох;

31.6.3.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд олон нийтийн радио, телевизийн эд хөрөнгийг захиран зарцуулах;

31.6.4.олон нийтийн радио, телевизийн үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, тухайн жилийн төсвийн төсөл, гүйцэтгэл болон тайланг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх;

31.6.5.олон нийтийн радио, телевизийн дэд захирал, зохион байгуулалтын нэгжийн даргын сонгон шалгаруулалтын дүнг Yндэсний зөвлөлд танилцуулсны үндсэн дээр тэднийг томилох;

31.6.6.олон нийтийн радио, телевизийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах;

31.6.7.Үндэсний зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ, хэлцэл хийх, олон нийтийн радио, телевизийг гадаад, дотоодод төлөөлөх;

31.6.8.тогтоосон журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргах ажлыг зохион байгуулах.

31.7.Хяналтын зөвлөлийн зөвшөөрлийг үндэслэн Ерөнхий захирал олон нийтийн радио, телевизийн зарим ажил, үйлчилгээг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.