Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

Эрхэм зорилго: Олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн нийгмийн оюун санааны хөтөч Үндэсний агууламжтай уран бүтээлийн мэргэжлийн байгууллага байх.

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Энэ хуулийн зорилт нь Монголын ард түмэнд үйлчлэх олон нийтийн радио, телевизийг үүсгэн байгуулж, түүний зорилго, зохион байгуулалт, үйл ажиллагааны зарчим, эрх зүйн үндсийг тогтоож, хөтөлбөрийн бодлогын үндсийг тодорхойлоход оршино.

2.1.Олон нийтийн радио, телевизийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3.1.Олон нийтийн радио, телевиз энэ хуулийн дагуу байгуулагдаж, гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилдэг, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд мөн.

3.2.Олон нийтийн радио, телевизийн зорилго нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч, үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээх хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход оршино.

3.3.Олон нийтийн радио, телевиз гадаадын сонсогч, үзэгчдэд зориулсан өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээнэ.

3.4.Олон нийтийн радио, телевизийг зөвхөн хуулиар өөрчлөн байгуулж /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх, татан буулгах/, үйл ажиллагааны зорилго, зарчмыг өөрчилж болно.

4.1.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтална.

4.2.Олон нийтийн радио, телевиз дараахь үйл ажиллагаа явуулна:

4.2.1.үндэсний хэмжээнд радиогийн өргөн нэвтрүүлэг;

4.2.2.үндэсний хэмжээнд телевизийн өргөн нэвтрүүлэг;

4.2.3.гадаад хэлээр явуулах радио, телевизийн нэвтрүүлэг.

5.1.Олон нийтийн радио, телевизийн сурвалжлагч, редакци Yндсэн хууль болон энэ хуулийн үзэл санаанд нийцсэн нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгоход нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн, олон нийтийн радио, телевизийн удирдлага хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.

5.2.Олон нийтийн радио, телевиз нь онц болон дайны байдал зарлагдсанаас бусад үед Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаас ард түмэнд хандаж хэлэх үгийг дамжуулах эрхтэй.

6.1.Олон нийтийн радио, телевиз жил бүр үйл ажиллагааныхаа дэлгэрэнгүй тайланг өдөр тутмын сониноор, эсхүл нийтэд хүртээмжтэй бусад хэлбэрээр мэдээлэх бөгөөд тайланд дараахь мэдээллийг тусгана:

6.1.1.олон нийтийн радио, телевизийн хөтөлбөрийн бодлогын хэрэгжилт, нэвтрүүлгийн хөтөлбөрүүдийн тухай мэдээлэл;

6.1.2.санхүүгийн жилийн тайлан, аудиторын дүгнэлт;

6.1.3.олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захиралтай байгуулсан гэрээний хэрэгжилт;

6.1.4.ирэх жилийн зорилт, хөтөлбөрт оруулах өөрчлөлтийн талаархи санал;

6.1.5.сонсогч, үзэгчдийн санал, хүсэлт, гомдлын талаархи мэдээлэл, тэдгээрийг шийдвэрлэсэн байдал.

6.2.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа ил тод байлгах, олон нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг явуулах, сонсогч, үзэгчидтэй уулзалт зохион байгуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

7.1.Олон нийтийн радио, телевиз үйл ажиллагаагаа явуулахад нь төрөөс санхүү, эдийн засгийн зохих дэмжлэг үзүүлнэ.

7.2.Өргөн нэвтрүүлгээ улс орны хэмжээнд дамжуулах радио, телевизийн үндсэн сувгийг олон нийтийн радио, телевизэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна. Нэмэлт сувгийг Радио долгионы тухай хуулийн дагуу төлбөртэйгээр ашиглуулж болох бөгөөд уг сувгийг энэ хуулийн 3.2, 3.3, 8, 9 дүгээр зүйлд заасан зорилго, бодлого, шаардлагад нийцүүлэн ашиглана.

/Энэ хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч 2005 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хориг тавьсан бөгөөд уг хоригийг Монгол Улсын Их Хурал хүлээн авч 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.3.Олон нийтийн радио, телевиз нэвтрүүлгээ газрын сүлжээ, хиймэл дагуул, кабель, интернэт болон бусад техник хэрэгсэл ашиглан дамжуулах эрхтэй.